Wednesday, November 30, 2011

Үжилгүйжүүлэлт


Үжилгүйжүүлэлт
Олон үеийн туршид мэс засалчдын хөдөлмөр үр дүнгүй болж байсан нь мэс заслын халдвар, хагалгааны шарх идээлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг олж чадаагүйтэй холбоотой.Идээлэх халдвараас шалтгаалж хичнээн сайн хийгдсэн хагалгаа ч эцсийн зорилгодоо хүрч чадахгүй байлаа.Үжил эсэргүүцлийн арга нээгдэх хүртэл янз бүрийн жижиг зүслэг, хатгалтын дараа ч 80%  -ийн тохиолдолд үхлээр төгсч байв.Иймээс идээт халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх явдал мэс заслын тулгуур зарчим болж байсан бөгөөд мэс заслын практикт үжилгүйжүүлэлт, үжил эсэргүүцлийн арга нэвтэрсээр уг асуудал шийдвэрлэгдсэн юм.
1863 онд Францын эрдэмтэн Луи Пастер илжрэх, ялзрах процессын шалтгааныг судалж бичил биетэн гэсэн дүгнэлт гаргасан нь үжил эсэргүүцлийн арга нээгдэх урьдчилсан нөхцөл болсон байна.
Л.Пастерийн нээлт дээр  тулгуурлан Английн мэс засалч Джозеф Листер хагалгааны шарх идээлж хүндрэх нь шарханд гаднаас ямар нэг бичил биетэн орсноос болж байна гэж үзээд, халдвараас хамгаалах аргыг санаачилж, мэс заслын практикт нэвтрүүлсэн байна.
Энэ аргыг хэрэглэхдээ карболын хүчлийг ашигласан байна.Карболын хүчлийг сонгож авсан нь тохиолдлын бус утга учиртай юм.Карболын хүчил нь давирхайн найрлагыэ үндсэн бодис бөгөөд, давирхайгаар муу усны нүхийг ариутгаж, ялзралыг багасгадаг байжээ.
Листер карболын хүчлийг дараах байдлаар хэрэглэсэн байна.Шарх боох материалыг хэдэн үе давхарлан карболын хүчлийн 5%-н уусмалаар норгох, багаж, оёдлын болон боолтны материал, мэс засалчийн гарыг 2-3%-ийн карболын хүчлийн уусмалаар ариутгах, хагалгааны өрөөнд карболын хүчлийн уусмал шүрших зэргээр шарханд идээлүүлэгч халдвар орохоос хамгаалжээ.Энэ аргыг дэлхий нийтэд үжил эсэргүүцлийн цоо шинэ арга гэж зөвшөөрөн хүлээж, мэс заслын хөгжилд шинэ эрин үеийг нээсэн болно.
Үжил эсэргүүцлийн арга мэс заслын практикт нэвтэрснээр хагалгааны дараах идээт хүндрэлээс нас барах явдал хэд дахин буурсан байна.
Хэдийгээр энэ шинэ арга гялалзсан үр дүнд хүрч байсан  ч карболын хүчил нь өвчтөн, мэс засалчийн биед таагүй нөлөө үзүүлж байв.Иймээс өвчтөн, мэс засалчид хор нөлөөгүй үжил эсэргүүцлийн шинэ бодис, аргыг эрэлхийлэх шаардлага зүй ёсоор гарч ирэв.
Үжил эсэргүүцлийн арга нэвтэрснээс хойш 25 жилийн дараа Немцийн мэс засалч Э.Бергман шархтай хүрэлцэж болох бүх зүйлийг ариутгах аргыг санаачилж, 1890 онд Олон улсын мэс засалчдын их хурал дээр сайшаагдан, мэс заслын гялалзсан ололт гэж зөвшөөрөгдсөн байна.Энэхүү аргыг хагалгаанд хэрэглэгдэх бүх эд юмсыг халуун уур, буцалгах аргаар ариутгах явдал байлаа.
Үжилгүйжүүлэлт , үжил эсэргүүцлийн аргууд эмнэлгийн практикт нэвтэрсэн нь мэс заслын хөгжлийн шулуун дардан зам болсон юм.
Үжилгүйжүүлэлт, үжил эсэргүүцлийн арга нь харилцан нягт холбоотой, нэгдмэл нэг тогтолцоо юм.

Халдварын эх уурхай, дамжин халдварлах зам
Халдварын эх уурхай гэдэг ойлголтонд бичил биетэн амьдарч, өсч үржиж байгаа орчин хамаарагдана.
Халдвар дамжих замыг гадна, дотоод гэж 2 ангилна.Гадна замын халдварын эх уурхай нь идээт  үрэвсэлт өвчтэй хүн, нян тээвэрлэгч юм.Ийм халдварын эх уурхайгаас агаар, орчны эд юмс, эмнэлгийн ажилтны гар бохирлогдоно.
Гадна замын бүдүүвч
untitled.bmp
Хагалгааны өрөөний болон орчны агаараас халдвар дамжихыг агаар дуслын, хагалгааны шарханд хүрч болох зүйл ариун бус байснаас халдвар дамжихыг хүрэлцэх , шарханд үлдсэн оёдлын утас бусад зүйлээс халдвар дамжсаныг шилжвэрийн халдвар гэж ойлгоно.
Дотоод замын халдварын эх уурхай өвчтөн өөрөө юм.Өвчтөн идээт өвчтэй, шүд хорхойтох, гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй байх зэрэг нь халдварын дотоод эх үүсвэр болно.
Дотоод замын халдварын дамжих зам
аааа.bmp
Хагалгааны явцад нянгийн голомттой хэсгээс цус тунгалагаар дамжин, хагалгааны шарханд халдвар орохыг цусаар, тунгалагаар дамжих зам гэж ойлгоно.
Хагалгааны явцад үжилгүйжүүлэлтийн дүрмийг нарийн баримтлаагүйгээс идээ шүүс, баас хагалгааны шарханд орохыг хүрэлцэх хаолварын зам гэнэ.
Гадна, дотоод замаар халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь хагалгааны хэсгийг  зөв зохион байгуулж ажиллах, хагалгааны өмнөх бэлтгэлийг сайн хангах, үжилгүйжүүлэлт, үжил эсэргүүцлийн шаардлагыг нарийн нягт мөрдөх явдал юм.

Үжилгүйжүүлэлт /асептика/
Шарханд бичил биетэн орохоос хамгаалж, түүнтэй харьцаж болох зүйлүүд дэх бичил биетийг устгах аргыг үжилгүйжүүлэх гэдэг
Үжилгүйжүүлэх гэдэг үг нь а- үгүй, септика- үжил, идээлэх гэсэн утгатай.
Үжилгүйжүүлэлт нь хагалгааны болон тохиолдлын аль ч шархны үед эмнэлгийн мэргэжилтэн бүрийн баримталж мөрдвөл зохих онц чухал ойлголт бөгөөд үүнд хайхрамжгүй хандах, мэдлэг муутай байх нь эмнэлгийн ямар ч мэргэжлийн хүний тэсвэрлэж болшгүй дутагдал гэдгийг байнга санах хэрэгтэй.Бичил биетэн нь бидний хүрээлж байгаа орчин агаар, ус, янз бүрийн эд материал, хувьцас хунар, хүний биеийн гадарга, дотор эрхтэнд ч үй олноороо амьдарч байдаг.Шарханд халдвар оруулахгүй байхын тулд эдгээр зүйлүүд дэх бичил биетнийг устгах хэрэгтэй.Үүнээс үндэслэж мэс заслын практикт үжилгүйжүүлэлтийн дараах дүрмийг баримтлах шаардлагатай юм.Үжилгүйжүүлэлтийн үндсэн дүрэм нь: `Шархтай хүрэлцэж болох зүйл бичил биетнээс чөлөөлөгдсөн байх буюу ариутгагдсан байх ёстой гэж томъёолдог.
Үжилгүйжүүлэх аргын хүрээнд дезинфекци (халдваргүйтэл) , стерилизаци (ариутгал) гэсэн ойлголтууд хамаарна.Халдваргүйтгэл гэдэг нь өвчин эмгэг үүсгэгч бичил биетнийг устгах арга хэмжээ, ариутгал нь бүх л багаж материал, эд юмсыг бичил биетнээс чөлөөлөх арга хэмжээ юм.
Үжилгүйжүүлэлтэнп хэрэглэх химийн бодисууд
Идээлүүлэгч бичил биетний эсрэг бэлдмэлүүдийг хими эмчилгээний, химийн бодисууд гэж 2 хуваана.
Үжилгүйжүүлэлтийн хүрээнд ариутгал халдваргүйтгэлд дараах бодисуудыг хэрэглэдэг.
Иод, 5-10%-ийн уусмалыг гар, хагалгааны талбай, шархны эргэн тойрны арьсыг ариутгахад хэрэглэнэ.
Иодонат, 4,5%-ийн чөлөөт иод агуулдаг.Хэрэглэхийн өмнө 1:4,5-ийн харьцаагаар нэрсэн усанд шингэлнэ.Хагалгааны талбай ариутгахад хэрэглэнэ.
Хлорамин Б: 1-2%-ийн уусмалыг өрөө тасалгаа, асаргааны хэрэгсэл , гар ариутгахад хэрэглэнэ.
Шоргоолжны хүчил: Устөрөгчийн хэт исэлтэй хольж гар ариутгана.
Сулема: 1:1000 харьцаагаар бээлий, асаргааны хэрэгсэлийн халдваргүйтгэлд хэрэглэнэ. Бээлийг сулемагийн уусмалд 1 цаг байлгаж, цэвэр багажаар авч, ариун ширээн дээр хатааж, тальк цацаж хэрэглэнэ.
Этилийн спирт: 70, 96-ийн спиртийг хагалгааны талбай, гар, дурантай багаж, оёдлын материал ариутгахад хэрэглэнэ
Формалин:36,5- 37.5%-ийн формальдегид агуулсан уусмал% 0.5-5%ийн ажлын уусмал бэлтгэж, багаж, катетр, урсгуур,бээлийн зэргийг халдваргүйжүүлнэ.
Гурвалсан уусмал:  Найрлага: Формалин 20 гр, Карболын хүчил 10 гр, Гидрокарбонат натри 30 гр, нэрсэн ус 1000 мл.Бээлий , багаж, урсгуур ариутгана.
Карболын хүчил: 3-5%-ийн уусмалаар асаргааны хэрэгсэл халдваргүйжүүлнэ.
Лизол: 2%-ийн уусмалаар асаргааны хэрэгсэл ариутгана.
Дегмицид: 30%-ийн дегмин агуулна.1%-(1:30) ажлын уусмалыг хагалгааны талбай, гар ариутгахад хэрэглэнэ.
Роккал:1-10%-ийн уусмалыг 1:1000 шингэрүүлж багажийг 30 минут, 1:4000 шингэрүүлж урсгуур, бээлийг 24 цаг ариутгана.
Cүүлийн үед Тамедин зэрэг уусмалыг эмнэлгийн практикт өргөн хэрэглэж байна.

3 comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх...

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More